Эрт цагаас эсгий туургат монголчууд мал сүргээ шинжин, сонгож үржүүлэх, арчлан маллах, эмчлэн засах "мал судлалын" үндсийг бий болгож ирсэн билээ.Эсгий туургатны мал адгуулсан эртний сургаалийг сөхөн үзвэл мал зүйн шинжлэлд хурдан морийг гадаад, дотоод, нууц шинж, бэлгээр таних, азарга, гүүг тохируулан нийлүүлэх уяа засал мах бодийн харилцан шүтэлцээний учрыг зааж өгсөн байдаг байна. Морины шинжийн сударын дотор өвчин заслын хэсэг ямагт хавсрага болон бичигдэж ирсэн бөгөөд хожим хойно адуу малын эмнэл зүйн ардын арга, хануур, хатгуур , төөнүүрийн судар сургааль салан хөгжсөн юм. Аранга: Адууны арааны урд буюу хааяа түүний хажуу талд ил шүд ургахыг арангатах гэнэ. Нарийхан төмрөөр илүү шүдэнд тулган сайтар бариад тэр төмрийн бөгсрүү алхаар огцом хүчтэй цохиж булгалдаг. Налих: Адууны нүдний дотор талын анивчаас мөгөөрсөрхөг хальс ургаж цагаан нүдийг хаадаг. Энэ нь үнэндээ хальс ургаж байгаа бус, мэдрэлийн системийн ажиллагааны гажигаас болж гуравдахь зовхи нь татагдан гарч байгаа хэрэг. Налхидсан адууны дээд зовхины дээд талд арьсанд гурвалжин хагалгаа хийх эсхүл мөгөөрслөг хальсыг огтлон анагаадаг байна. Гүен: Хамрын дотор талдаа 1-2см хиртэй хатуу мөгөөрс мэт мах ургахыг гүентэх гэнэ. Бүдүүн адуу унаганы гүенг цаг тухайд нь огтолж авахгүй бол үхэлд хүргэх аюултай. Хамрын нүхийг гэрэлд хандуулж ургасан махыг хурц хутгаар огтолж засал хийнэ. Ханиадрах буюу тагнайрах: Ханиасан адууны амыг ангайлгаж харахад тагнай нь овойж үүдэн шүдтэйгээ зэрэгцсэн буюу түүнээс илүү овойсон байна. Тагнайн гурав дахь үений голд судсыг хатгаж засна. Дэлүүтэх: Тэжээл эдэлгээний горим алдагдсанаас дэлүүтсэн адуунд хүчтэй цагаа, архи өгч болно. Гол эмчилгээ нь дэлүүг хатгах юм. Адууны зөв талын хойноос гуравдахь хавирганы урд нурууны ясны хажууд баруун гарын алгыг дээш харуулан тулгаж, дөрвөн хуруу хэмжих ба тэр байрнаас гараа салгахгүйгээр доош эргүүлж тавиад дунд ба долоовор хуруу хоёрын хооронд 4 хуруу 7см урттай 1мм үзүүртэй шөвгөөр ишинд нь тултал хатгана. Хэрэв хатгах цэгийг онож тэнд хүрсэн бол шөвөгний иш чичирхийлэн эргэх мэт хөдөлнө. Шөвгийг хэдэн минут байлгасны дараа сугалан аваад адууг хөлөртөл шогшуулан анагаана. Гэдэс дүүрэх: Адууны умс хийгээр дүүрч амь тэмцэж суга орчимоор их хөлөрнө.Ийм адуунд цайны жижиг халбага хиртэй хөх дарь өгч ногооны хомоолоор утна. Хэрэв эмчилгээ тохирвол уг адуу унгас алдаж гэдэс нь сулардаг. Мөн давстай ус эсгэлэн тараг , шар ус цутгаж өгөх хэрэгтэй. Адууны өвчин засах арга нэрт сударт"....морь хий өвчнөөр унахад тосыг ястай галд түлээд ут. Их бага хэмжээг тохируулан ут" гэжээ. Жилбэн: Эдэлгээ, уяа сойлгоны гам алдаж согог олохыг малчин ардууд ерөнхийд нь жилбэн гэж нэрлэдэг. Жилбэнтсэн адуу гэдэс алдаж өнгөө гээхийн зэрэгцээгээ мундаа, ташаан толгой, бөөр хондлой, хонго сугаараа нэвчин идээ бээр гоождог. Жилбэнг шалтгаан, цаг агаарын байдалтай холбон хавар усан жилбэн, намар тосон жилбэн эдэлгээ, уналга хэтэрсэнийг ташуурын жилбэн зуны хурц нар, намрын шар нарныхийг наран жилбэн гэж ялгаварладаг. Бас хийн жилбэн гэж бий. Жилбэнг дотор эмгэг хэмээн үзэж нэвчин цоорвол сайн гэдэг. Ийм учраас эмчлэхдээ хатгаж цус авах, хавдарыг задлах, эсвэл хорыг авах зорилгоор сайн хөлөргөн, гадагш нь хөхүүлэн нэвчүүлэх арга засал хийдэг. Адууны жилбэн өвчинд хонь буюу зээрийн хатсан зулчийг аль болохоор олон ясны уулзвар үе хавьцалдуулан тавих тэгэндээ ужигласан бол ихдүүлж үл болох бага түрхэх хэрэгтэй. Ер нь туулайн арьс морины нуруу дайртаж улайх, морины дайр шарханд байванг усанд буцалгаад тэрийг хатахын цагт саванд наалдсан хөөсийг сайтар тараагаад малын шарх сорви бүхэнд түрхвэл тустай. Харин уналга эдэлгээнээс болоод салхи цохиулснаар хавдсан бол шанааны судасны доод адагт хана. Чийг хүйтэн даах хөлөрсөн даруйдаа хүйтэнд даарах зэргээс гарсан жилбэн өвчинд чононы цөс өгч анагаана. Өлөг , соёнгтох , хөрвөх: Уналга эдэлгээнээс болоод цус хямрах өвс уснаас шалтгаалан шээс алдах идэш урван өөрчлөгдхийг (явандаа сульдах) өлөг гэнэ. Агталснаас болоод уураг гэмтэн цус хуран шархлахыг соёнгтох гэнэ.Цул сав (элэг , зүрх , уушиг , ходоод , гэдэс ) болох гэдэс урваснаас шалтгаалан , ус үл шингэх , гэдсээр хөлбөрөн унаж тусахыг хөрвөх өвчин гэх бөгөөд морийг хар байдгаар нь хурдлан давхиулж чавхадсанаас болоод дэлсэх өвчин тусна. Баруун зүүн хамрын нүхний аль нэгэнд архи цутгаж анагаана. Дайр, шарх: Морины дайртаж улайсан нуруу, чоно нохой зуусан шархыг худгийн хүйтэн ус, хужиртай усаар шавшин угаах тустай. Жишэн гармо нэрт говьд ургах зарааны үс адил өвсний түлсэн үнс малын шарх бүхэнд тустай. Ям: Цээжин биений цус дээш богшиж, түрүүлдэн унаж, хамрын хоёр нүхнээс идээ бээр, шар ус гоожих нь адууны ям өвчин юм. Элэгний судасыг ханавал тустай, монгол орс дарь аль аль нь сайн. Адуу тэнхээ тамир сайтай бол эмийн тун дүүрэн, тамирдсан бол эмийг тэн хагаслаад эмээ цаасаар ороож утсаар боогоод хазаарын амгаанаас зүүн, баруун талд нь хөрөөдүүлэн амсуулах байдлаар уяж өгөх буюу бас нунтаглаад хэлний үзүүрт түрхэж анагаана. Халуун: Адууны халуун өвчинд 100 лан буюу 5 цэн хэмжээтэй арвайн гурилыг хүйтэн усаар зуурч тавих, энэ мэтээр 36 удаа идүүлнэ. Зээрийн янзаганы хатаасан зулчыг шөлтэй холиод эр адуу бол хамрын баруун нүхрүү, эм адуу бол хамрын зүүн нүхрүү хийхдээ нэг аяга дүүрэнг 3 хувааж өгнө. Дайрлага: Адуу тэргүүнтэн гэнэт үхэтхийн унахыг дайрлага дайрах хэмээгээд хэлний торгон үзүүрийг 3 хуруу хэмжээд таслан авах буюу бас хэлний судасыг ханаж цус гоожуулвал тустай. Хангайн бураа: Хангайн бураа (араанаас хойш ургах шүд) хэмээх судас нь овойсноор эхлэн ургахдаа идэш тэжээл идэхэд гэм зэмгүй, сүүлдээ ургасан хойно өвс идэхэд тэвхдэх учраас өвс ногоо ургах цагт идээшилснээс өлөн болвол хана.
|